Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын санаачилгаар авто замын ачааллыг бууруулах зорилгоор “Еcomobility” аянг эхлүүллээ.
Улаанбаатар хотод 750 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас өдөрт дунджаар 600 мянга орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог. Улаанбаатар хотын авто машин зам дээрээ багтахаа больсон нь түгжрэлийн гол шалтгаан билээ. Бүртгэлтэй авто машинуудыг чөлөөтэй зорчуулахын тулд одоо байгаа авто замаа гурав дахин нэмэгдүүлэх шаардлагатай.
Тиймээс хотын түгжрэлийн асуудлыг хүчээр гэхээсээ илүүтэй хотын иргэдтэйгээ хамтарч, үзэл санааны хувьд нягтарч шийдэх арга замууд ч бий. Тухайлбал, машинаа дундаа ашиглах буюу нэг ажил, чиглэлд явдаг хүмүүс машинаа хуваалцаж хэрэглэж болно. Хүүхдээ сургууль, цэцэрлэгээс зөөхөд эцэг, эхчүүд тохиролцоод ойрхон гэртэй хүмүүс нь ээлжилж авдаг жишээ амьдрал дээр байдаг.
Харин одоо хөрш айлаараа, эсвэл хамт олноороо нэг нэгнээ замаасаа суулгаад ээлжлэн явдаг болбол зам дээрх машины тоо тодорхой хэмжээнд буурах боломжтой. Өнөөдөр Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа ихэнх тээврийн хэрэгсэл нэгээс, хоёр зорчигчтой явж байгаа. Мөн ажил гэр эсвэл гэр сургууль нь ойрхон байдаг алхах боломжтой хүмүүс алхдаг соёл руу шилжих, унадаг дугуй, нийтийн тээвэр ашиглахыг уриалж байна.
Leave a comment